УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /2019-05-21/-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг хэлэлцэх үеийн дэгийг шинээр оруулж ирж байгаа юм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиас юугаараа ялгаатай вэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахадаа гурван удаа хэлэлцэж байж батлах юм байна. Энэ хангалттай гэж үзэж байгаа юу?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд УИХ-ын чуулганы дэгээр хэрхэн зохицуулагдах вэ гэдэг нарийвчлан зохицуулагдаагүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан. Энэ хуулиар чуулганы дэгээр зохицуулагдсан зүйл байхгүй учраас Чуулгын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Байнгын хороодын ирц дөрөвний гурваас доошгүй, гишүүд 10 хүртэлх минут үг хэлэх гэх мэт өөрчлөлт хийж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд нэг сар өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй байх нь зөв. Нэг сарын хугацаанд Үндсэн хуулиа өөрчилж амжих уу, учир нь чуулганы хуралдаан завсарлах гэж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд бүгд дэмжиж байгаа. Гэхдээ сүүлийн 10 жил яригдаж байгаа өөрчлөлтөө бид хийж чадах уу, хугацаа бий юу.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ нийт гишүүний олонхын саналаар явах уу, энэ заалт өөрчлөгдөх үү. Үндсэн хуультай холбоотой асуудал бүхэн тусгай дэгтэй, тусгай журамтай байх ёстой гэж би хувьдаа үзээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна. Манай Үндсэн хуульд 29 жил болж байна. Тиймээс бид Үндсэн хуульд хийсэн өмнөх долоон өөрчлөлтөө засч залруулаад зарим нэмэлт өөрчлөлтөө оруулах шаардлага байна. Нэмэлт өөрчлөлт нь оновчтой, цөөхөн байх ёстой гэж үзэж байгаа. Дэгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ердийн дэгээр явна. Одоогийн өргөн барьсан хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 4/3-аар нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн санааг тусгасан.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон талаас нь авч үздэг учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг маш олон талаас ойлгож ярих хэрэгтэй. Энэ удаагийн өөрчлөлт нь илүү нарийвчилж тусгасан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд 19 гишүүнээс 14 нь заавал оролцох, дөрвөн хэлэлцүүлэгтэй болгосон гэх мэт тусгай шаардлага, дэгийн өөрчлөлтийг оруулж өгсөн. УИХ-ын гишүүдийн оролцоо, хариуцлагыг илүү их нэмэгдүүлж, заалт бүрийг илүү нарийвчилж оруулж ирсэн.

Сэтгэгдэл үлдээх