УКРАИН: Хошин урлагийн жүжигчин Зеленский, Ерөнхийлөгч боллоо

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт боллоо. Урьдчилсан дүнгээр “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский 73,7 хувийн дэмжлэгийг авчээ. Одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкод иргэдийн 24,5 хувь нь саналаа өгсөн байна.

“Олимпийский” спортын цогцолборт болсон сонгуулийн өмнөх халз мэтгэлцээнийг Зеленский эхлүүлж, үг хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би улстөрч биш. Зүгээр л одоогийн энэ төрийн системийг өөрчлөхийг хүссэн жирийн иргэн. Би 2014 онд Ерөнхийлөгч Порошенкогийн төлөө саналаа өгч байсан.

Тэр сонголт алдаа байсныг одоо ухаарч байна. Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” хэмээн Петр Порошенкод хандан хэлжээ. Зеленский нь “Ард түмний үйлчлэгч” нэртэй телевизийн хошин шогийн цувралд авлигатай тэмцсэнийхээ үр дүнд санамсаргүй Ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээдэг бөгөөд энэ цувралынхаа нэрээр нэрлэсэн намаас нэр дэвшжээ. Улс төрийн ямар ч туршлагагүй Зеленскийн гол амлалт Украиныг авлигаас ангижруулж, Донбасст энх тайвныг тогтоох юм.

Сэтгэгдэл үлдээх