У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо

Монгол Ардын Намын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөлөө. Бага хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Бага хурлаас олон нийтийн хүлээсэн гол шийдвэр нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад Монгол Ардын Намаас хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэг асуулт байв. Энэ асуултын хариуг л олох гэж үүр цайтал хуралдсан нь энэ. Ерөнхий сайдад өрсөлдөхөөр нэр дэвшсэн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар тус бүрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсны эцэст санал хураахад Ухнаагийн Хүрэлсүх Бага хурлын 294 гишүүнээс 188 гишүүний санал авч Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвших болзлыг хангажээ. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус, тус саналаа өгчээ. Тиймээс шинэ танхимыг удирдах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг өргөн мэдүүлэх болж байна.

Сэтгэгдэл үлдээх