Хатагтай Армида Алисжабанатай уулзав

Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Салсиа Алисжабанад 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Бангкок дахь НҮБ-ын байранд бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагаа байгаль орчин, статистик, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Байнгын төлөөлөгчөөр ажиллах хугацаанд нь дэмжлэг үзүүлж ирсэнд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Комиссын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ)-т талархал илэрхийлэв.

~Хатагтай Армида Алисжабанатай уулзав~

Мөн тэрбээр цааш нь ярихдаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана 2019 оны 8 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн, мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргалсан нь чухал ач холбогдолтой болсныг онцлов.

Хатагтай Алисжабана Элчин сайд Т.Төгсбилгүүнийг Монгол Улсаас АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр 5 орчим жил ажиллах хугацаанд нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр тал эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, уялдаа холбоо, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр үр дүнтэй ажилласныг дурдаад цаашид ч эдгээр чиглэлээр Комиссын зүгээс монголын талд техникийн туслалцаа, зөвлөгөө үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санаачилгыг Коммисын зүгээс дэмжиж ирснийг Элчин сайд Т.Төгсбилгүүн дурдаж, 2019 онд болсон Улаанбаатарын яриа хэлэлцээний олон улсын 6 дугаар бага хурлын үеэр АНДЭЗНК-той хамтран Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлаарх салбар хуралдаан зохион байгуулсан нь ач холбогдолтой болж, тус арга хэмжээг тогтмолжуулахаар хоёр тал ажиллаж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл үлдээх