Хотын дарга С.Амарсайхан Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Элчин сайд Доан Тхи Хыөнгийг  хүлээн авч уулзлаа /2019-08-26/. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.

Монгол Улс, БНСВУ-тай 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид харилцан туршлага солилцох аргаар хамтарч ажиллах, Ханой-Улаанбаатар хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа хотын Захирагч хэллээ. Мөн хоёр хотын бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын уулзалт болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах боломж байгаа талаар дуулгалаа.

~Хотын дарга С.Амарсайхан Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авлаа~

Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Доан Тхи Хыөнгийн зүгээс хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийг Вьетнамын засаг захиргааны нэг нэгжтэй санамж бичиг байгуулан холбож ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад, хоёр хотыг холбосон агаарын замыг нээхэд ач холбогдол өгч ажиллах, бизнес эрхлэгчдийн дунд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг дэмжиж байгаагаа дуулгасан юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх 10 дугаар сард Ханой хотод айлчлах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх