Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргад Стефани Гришем томигдогдоно

АНУ-ын тэргүүн хатагтайн туслах Стефани Гришем Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсын оронд томилогдож буй аж. Стефани Гришем Дональд Трампын засаг захиргааны үед хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллах гурав дахь хүн болж байгаа юм. Гришемийг хэвлэлийн нарийн бичгийн дарга, Цагаан ордны олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал болох гэж байгаа тухай тэргүүн хатагтай Мелания Трамп өөрөө “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.

Мелания Трамп “Стефани Гришем Цагаан ордны хэвлэлийн шинэ нарийн бичгийн дарга, харилцаа холбоо эрхэлсэн захирал болох гэж байгааг дуулгахдаа таатай байна. Тэр бидэнтэй 2015 оноос хамт байсан” гэж бичжээ.

Түүнчлэн Мелания Трамп Гришемийг тэргүүн хатагтайн албан ёсны төлөөлөгчөөрөө үлдэж, хоёр албан тушаалыг хослуулна гэдгийг нэмж хэлсэн байна. Харин энэ сарын сүүлчээр ажлаа өгөхөөр болсон Сара Сандерс “Стефани Гришем Ерөнхийлөгч, улс эх орныхоо үнэхээр үнэ цэнтэй ажилтан болж чадна. Надад Цагаан ордныг орхих харамсалтай л байна. Гэхдээ би багаа ийм гайхалтай хүмүүсийг гарт шилжүүлж байгаадаа аз жаргалтай байна” гэж тэмдэглэжээ.

Дональд Трампын хувьд Сара Сандерсыг энэ сарын сүүлчээр ажлаа өгөхөөр болсон тухай зургаадугаар сарын 13-нд мэдэгдсэн юм. Энэ үеэрээ тэрбээр Сандерсыг Арканзас мужийн амбан захирагчийн суудалд нэрээ дэвшүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэгвэл Гришемийн тухайд шинэ албан тушаалд очсон даруйдаа Дональд Трампыг дагалдан Япон, Солонгосоор ажлын айлчлал хийнэ.

Стефани Гришем бол Дональд Трампын сонгуулийн өмнөх штабын гишүүд дотроос Цагаан ордонд өдий хүртэл алба хашиж байгаа цөөхөн хүмүүсийн нэг юм. Өмнө нь тэрбээр Бүгд найрамдах намын хэд хэдэн улстөрчийг хэвлэлийн нарийн бичгийн дарга, харилцаа холбооны менежерээр ажиллаж байжээ.

Тухайлбал, 2012 онд Митт Ромнигийн Ерөнхийлөгчийн аянд оролцож байсан гэнэ. Харин 2016 онд Аризона мужид Дональд Трампын сонгуулийн аяны зохион байгуулалтад хүчин зүтгэж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх