Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зарим заалттай санал нийлэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлтийн тѳслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй ирцтэйгээр хэлэлцэх хуультай. Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 75 гишүүн ирэх ёстойгоос 60 гишүүн буюу 80 хувийн ирцтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ардчилсан намын зөвлөл байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа тодорхой хэлсэн. Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавьсан шаардлагыг нийцүүлж байж хэлэлцэж эхлэх ёстой. Ерөнхийлөгчийн санал аваагүй, Үндсэн хууль хэлэлцэх журмын тухай хуульд тусгасан шаардлагыг хангаагүй, хуучин Дэгийн хуулиар хэлэлцэх байгаа нь буруу гэж харж байна. Олонхоороо түрээд батлах зүйл рүү явж байна гэж үзэж байна. АН-ын зөвлөл завсарлага авах эрх байхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Бидэнд хууль журмын дагуу хэлэлцэх, зөвшилцлөө зөв хийх, улс төрийн намуудын саналыг авч, ойлголцолд хүрэхийг анхааруулж байна. Тиймээс сөрөг хүчин бид хууль журмын дагуу эхлүүлэх хүртэл хуралдааныг АН-ын зөвлөл орхин гарахаас өөр сонголт алга.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: УИХ-ын дарга Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороодын хамтарсан тогтоол гаргахаар болсон. Хэлэлцүүлгийн дундуур нэг удаагийн зохион байгуулалт хийж болно гэж байгаа учраас Оюутолгойн асуудлыг оруулж өгөхийг хүсч байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх журмын тухай хуулийг энэ удаад зөрчихөөр зүйлүүд байна?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 2003 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой шаардлагууд бий. Тухайлбал, Ерөнхийлөгч, ҮАБЗ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг тухай бүрт нь санал авч байсан. Ерөнхийлөгчид хоёр удаа санал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байсан. Хуульд 30 хоногийн дотор хариу ирүүлэх боломжтой ч энэ хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлсан саналгүй байна гэж заасан байдаг. Ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн зөрчлөө шийдэж, Ерөнхийлөгчийг ШХАБ-ын айлчлалаас эргэж ирсний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй юу. Ядаж УИХ-д суудалтай намууд, сөрөг хүчнээ сонсох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуульд төр ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Ний нуугүй хэлэхэд, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гуя дагаж, хүзүү гэдэг зүйл болох гээд байна гэж хараад байна. Тэр нь сонгуулийн тогтолцооны тухай. Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэдгийг Үндсэн хуульд оруулж байгаа нь буруу л гэж хараад байна. Сая нэг хонгил нураалаа гэсэн одоо бүр ган, төмөр хонгил бий болгох гэж байна. Намын нэрээр хэдэн хүн байнга сонгогддог тогтолцоо руу л орох гээд байна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монгол төр, парламентын үйл ажиллагааг сайжруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Орхон, Дархан-Уул аймгийн тухай 2010 онд хотын статустай болгохоор хуулийн төсөл өргөн барьж байсан. Ер нь бол Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох, эрх зүйн зохицуулалтыг яаж тусгасан бэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хот тосгон, захиргааны эрх зүйн чиглэлийн судлаачдаар хэлэлцүүлсэн. Ганцхан Дархан, Орхон, Улаанбаатарыг хот гэж хуульчилж болохгүй байгаа юм. Улсын хэмжээнд энэ гурваар хэмжигдэхгүй, цаашид хот бий болгохыг үгүйсгэхгүй. Тиймээс улсын хэмжээнд хотыг хэрхэн нэрлэж, бүсчилж болох вэ гэдэг утгаар нь зохицуулалт хийж өгсөн. Цаашид томьёоллыг ажлын хэсэг цаашид илүү нухацтай авч хэлэлцэх байх.

Ажлын хэсэг А.Бямбажаргал: Одоо төслийг өргөн барьсан хувилбарт хууль зүйн техникийн хувьд ерөнхий агуулгыг тогтоох буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дотор хот байна гэсэн заалт байсныг засаг захиргааны зохион байгуулалтыг өөрөө хийхээр зохицуулалт хийсэн. Хот, тосгон өөрөө өөрийн удирдлагатай болох эрх зүйн үндсийг нээж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Би ажлын хэсэгт орсон ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа учраас гарын үсэг зураагүй гишүүний нэг юм. Ялангуяа дөрөвдүгээр бүлэг буюу Монгол Улсын засаг захиргааны асуудалтай холбоотой бүлгийн дэмжихгүй байгаа. Нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ гэх заалттай холбоотойгоор “давхар дээл”-ийн асуудлыг нэг талд нь шийдэхээр зохицуулалт хийх боломж байгаагүй юу. Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцна, тайлагнуулдаг нэг чухал механизм бол УИХ Засгийн газрын сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж, томилж байгаа.

Ажлын хэсэг: Хариуцлагыг нэг л хүн хүлээх ёстой, хариуцлага хүлээж байгаа хүн өөрийнхөө ажлаа хэнтэй хуваалцах, хариуцлагаа хэнтэй хуваалцах вэ гэдгээ л тодорхойлох ёстой олон улсын зарчим байдаг. Түүнийг л тусгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 1992 оноос хой 27 жилийн турш Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэсэн. 2016 онд МАН-д 65 суудал өгнө гэдэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг өгсөн гэж ойлгодог. Бид одоо хөгжил дэвшил саад болсон чөдрийг тайлж, чөтгөрийн тойргоос гарах цаг болсон. Бид Үндсэн хуульдаа хуулийг дээдэлсэн, шударга ёсыг тогтоох шүүхтэй, төртэй байна гэсэн. Харамсалтай нь өнөөдөр иргэд төрдөө итгэхгүй байна. Өнөөдөр Монголд Шударга шүүх байхгүй байна гэдгийг ард түмэн хэлж байна. Бид үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй. 27 жил суусан шавраасаа гарах хамгийн зөв гарц Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнгөрсөн 27 жил 15 Засгийн газар байгуулагдаж 300 сайд төрсөн байна. Бид гурван жилийн дотор боловсролын салбарт дөрвөн сайд солилоо. Үүн дээрээ бид цэг тавих ёстой.

Сэтгэгдэл үлдээх