Ц.Нямдорж: Засгийн газрын гишүүн 10 сая долларын авлига авсан асуудал байхгүй, сонинд худал мэдээлэл баршуулсан байна лээ

Цаг үеийн зарим асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос мэдээлэл авлаа.

-Б.Булганыг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Танд энэ талаарх мэдээлэл бий юү?

-Б.Булган дөрвөн хүнд захидал бичсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, надад. Яг ижил захидал. Захидалд эрүүдэн шүүсэн, 10 сар хоригдсон, энэ хоригдсон хүмүүс хэрэг хийсэн хүмүүс биш гэсэн байсан. Энэ хүмүүс хилсээр шийтгүүлсэн. Одоо миний охиноор оролдож эхэллээ. Охиноор минь оролдохгүй байх арга хэмжээ авч өгөөч гэсэн утга бүхий өргөдөл ирсэн. Б.Булган байцаагдаж, байцаагдаж гэртээ ирэхэд 20 орчим масктай залуу гэнэт орж ирээд баривчилсан. Буцаад Тагнуулын байгууллага дээр авч ирэхэд нь ялтан Амгаланбаатарыг байцааж байсан өрөөнд нь оруулаад “үнэнээ хэл” гэж баахан дарамталсан юм билээ. Амгаланбаатар Чимгээ дээр ороод хэлж байсан зүйлээ ч Г.Булганд хэлсэн байна лээ. Тухайн үед Б.Булганыг эрүүдэн шүүсэн өргөдөл ирэхэд би Цагдаад, Тагнуулд үүнийг шалга гэж хандсан. Ер нь хууль бага зэрэг гадарладаг хүнд эрүүдэн шүүсэн гэдэг нь анхнаасаа тодорхой байсан асуудал. Айлын хашаанд цогцос аваачиж орхисон асуудал байна. Нөгөө талаар, Чимгээ, Содномдаржаа хоёрыг дарамталсан нь сэтгэл санаагаар эрүүдэн шүүсэн явдал. Би үүнийг 2016 оны сонгуулийн дараа ярьж эхэлсэн. Намайг өнөөдөр ярилаа гээд байгаа юм. Би 2016 оны сонгууль болоод хоёр сар болоогүй байхад ярьж эхэлсэн. Эрүүдэн шүүсэн гэдэг нь надад дэндүү ойлгомжтой байсан.

-Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгоно гэсэн, үнэн үү?

-Ж.Батзандан тийм юм ярьж байна лээ. Амгаланбаатарыг Г.Булганыг байцааж байсан өрөөнд оруулаад, Амгаланбаатар Г.Булган руу дайрсан барьсан тийм л юм байна лээ. Энэ асуудал дээр хуулийн зөрчил тоо томшгүй байгаа. Гэхдээ зүгээр нэг мэргэжлийн алдаа биш. Яг ийм байдлаар асуудлыг шүүхээр шийдүүлнэ гэж зохиол бичээд зохиолоор явахын тулд баахан хүнийг эрүүдэн шүүж, хэрэг зохиосон. Яах вэ хэргийг шалгах явцад мэргэжлийн алдаа гардаг. Энэ бол мэргэжлийн алдаа биш. Эртнээс зохион байгуулаад, зохиолоо өөрсдөө бичээд түүнийхээ дагуу бэлтгэж хийсэн. Ийм байгаа учраас би энэ асуудалд хатуу байгаа юм.

~Засгийн газрын гишүүн 10 сая долларын авлига авсан асуудал байхгүй, сонинд худал мэдээлэл баршуулсан байна лээ~

-Танай танхимын сайд 10 сая ам.долларын авлига тавсан гэсэн мэдээллийг шалгах үүргийг Ерөнхий сайд танд өгсөн гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-10 сая ам.доллартай холбоотой ийм шуугиан гаргаад л байгаа юм. Би Тагнуултай ярьсан, Цагдаатай ярьсан, бичиг явуулсан. Авлигалынхантай бас ийм асуудал байна уу гэж холбогдсон. Ямар ч ийм асуудал байхгүй. Нэг сонин дээр худлаа мэдээлэл тавиад, түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдсон. Хамгийн зовлонтой нь ийм мэдээлэл гаргаж тавьсан хүмүүсийг мэдээллээ батал гэхээр чаддаггүй. Ер нь ийм асуудал байгаа бол баримттай нь гаргаж тавиад, сайдынхаа нэрийг хуулийн байгууллагад гаргаад өгчихвөл асуудал цаашаа хөврөөд явна.

-Туркт Монголын дипломатч 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан байна. Энэ асуудалд та Хууль зүйн сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Гадаад яам, Тагнуулын газар мэдээлэл өгөх асуудал байна. Ямар ч байсан тийм хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан гэсэн мэдээлэл надад байна. Консулын ажилтан, жолоочийн хамт энэ хэргийг үйлдсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ бол туйлын ноцтой асуудал. Асар их хэмжээний хар тамхи авч явсанд их харамсаж байна.

-Хар тамхи хэрэглэж байгаа залуус нэмэгдэж, хяналтаас гарчихлаа гэсэн зүйл ч байна. Үнэхээр хянаж чадахаа байгаад байна уу?

-Хяналтаас гарсан гэж арай хэлэхгүй. Гэхдээ асуудал төвөгтэй байгаа нь үнэн. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн жил өөрчлөлт хийгээд Хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулсэн. Харин энэ алба гайгүй ажиллаж байгаа. Энэ хяналтаас гарчих гээд байдаг маш төвөгтэй асуудал.

эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх