Ц.Нямдорж: Эмэгтэй гишүүдээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийн талаар дуугарсан хүн байхгүй

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн /2019-05-07/ хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ. Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг асуудлыг хуулийн хүрээнд яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл өгөх, шүүх, хяналтын байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуралдааны үеэр Байнгын хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлсэн 17 илтгэл, 295 санал, дүгнэлтийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсныг тодруулж, мөн ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн талаарх асуудлыг хөндлөө. Уг саналын томъёоллоор санал хураалт явуулахын өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Та нар шүүхийг шүүх гээд байгаа юм уу, хаана байна тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчидтэй болсон” гэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хуульзүйн байнгын хороо шүүх болчихоод байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд, 

Хууль зөрчиж, гэмт хэрэг тулган хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул Т.Чимгээ, Б.Содономдаржаа нарыг нэн даруй суллах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгох санал гаргахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. Байнгын хорооноос “Хүнийг сулла, хорь гэдэг чиглэл өгч болохгүй.

~Эмэгтэй гишүүдээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрхийн талаар дуугарсан хүн байхгүй~

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,

Эрүүдэн шүүсэн асуудлыг шалгаж дуусаад саналаа шүүхэд тавих байдлаар зөөлрүүлж оруулах хэрэгтэй. Асар их бэрхшээл учирч байна. Шаардсан материалыг гаргаж өгөхдөө хугацаа алдах, хүлээлгэх байдал өдөр тутамд гарч байгаа. Дургүйд хүчгүй гэдэг зүйл болж байна. Энэ бол зүгээр нэг асуудал биш. 1937 оны хэлмэгдүүлэлтийг Монголын төр таслан зогсоож чадах уу, үгүй юү гэдэг асуудал. Хоног хугацаа алдмааргүй байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт там болж байгаа. Одоо хангалттай биш үү. Шүүх дээр асуудал гараад байна. Гарцаагүй хорьж шалгасан эрх мэдэлтнүүд нь одоо байгаад байгаа болохоор нэг тийшээ болгоход хэцүү байна. Та нар энд суучихаад амархан юм яриад байна. Би хоёр жил зургаан сар энэ хэрэгтэй ноцолдож байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хурцаар ярьж байгаа эмэгтэй гишүүн байна уу. Тиймээс хууль хяналтын байгууллагыг хурдал гэсэн чиглэл өгсөн нь дээр. Энэ хэргийн араас явсан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн. Хуучин прокурор үүнийг хөдөлгөдөггүй байсан. Одоогийн удирдлага нь санаанд хүрч ажиллахгүй байна. Прокурор нэн даруй суллах арга хэмжээ авах ёстой гээд хуульд биччихсэн байгаа. Прокурор, цагдаа яаж ажилладгийг би гадарлана. Хүсвэл нэг өдрийн ажил. Эрүүдэн шүүхдээ хамгийн муухай, хамгийн харгисаар эрүүдэн шүүсэн. Айлын хашаанд цогцос аваачиж хаяад дөрвөн жил болж байна. Одоо саармагжуулах гэсэн зүйл тасралтгүй хийж байна. Хурдан наад асуудлаа шийд. Энэ Монголд чинь төр байгаа юм уу? Тэр Ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм, сар боллоо. Хүний эрхийн комисс зоримог байх хэрэгтэй. Монголд сүүлийн 70 жилийн түүхэнд ийм хэрэг гарсан гэж би сонсоогүй. Их зовоож байгаа. Материалаа нуугаад, жүжиг тавиад байгаа.

~ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Монголд шүүх гэж байхгүй болсон~

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,

 Хэрэг хүлээлгэх ятгалаг өдөр шөнөгүй явагдсан. Энэ зүйл явсаар байгаад 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Б.Содномдаржаа анх удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө зааж өгсөн зүйлийг нь ярьсан. Тэгээд мэдүүлгийг нь цаасан дээр бичүүлсэн, дараагаар нь худлаа гэдгээ хэлсээр байгаад шүүхийн ял авсан байдаг. Хэрвээ хууль номоороо явсан бол Дээд шүүхийн шүүгч хурлаа хийгээд энэ хүмүүсийг суллах ёстой. Гэтэл Дээд шүүхийн тэргүүн шүүгч, танхимын шүүгчийн бүрэн эрхийг булааж аваад, өөрөө хурал даргалаад шийдсэн. Үүнээс чинь болоод Дээд шүүхийн шүүгчийн өргөдөл бичих асуудал байхгүй болсон. Цэвэр албан тушаалын шинжтэй зүйл байгаа.

ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж,

Бидний хувьд бичлэг үзсэн. Эрүү шүүлт тулгасан уу гэвэл дээд зэргээр бэлтгэлтэй тулгасан. Тэр бичлэг бол дээд зэргийн бичлэг. Өнөөдрийн байдлаар 461 дүгээр хорих ангиас ийм бичлэгийн дуу гарахгүй. Б.Содномдаржаа би хэрэг хийгээгүй гэсээр байгаад, Т.Чимгээгийн хувьд маш их айдастай байсаар дууссан. Бид нэгэнт эхлэл нь ийм харгис маягаар тулгасан юм чинь ядахдаа хурдан суллах хэрэгтэй. Ямар ч нөхцөлд үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Цагдан хорих байранд шүүгчийн тогтоолгүй нэг ч цаг байлгаж болохгүй.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж,

 Айдас маш их бий болсон. Энэ хэргийн гүйцэтгэх ажил явуулах, хорьж мөрдөх дөрвөн төрлийн ажиллагаанд Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль зөрчигдсөн. Би хуулийн сайдын ажлыг авахад энэ асуудал давж заалдах шатны шүүхээр ороод дуучихсан байсан. Надад “Чи юу хийж байсан бэ” гэж асуулт ирээд байгаа юм. Хэдийгээр гэм зэмд холбогдож хоригдож байгаа ч гэсэн суллагдаж очоод гэр бүлтэйгээ амьдрах учраас хорих байрны нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авч байгаа. Бүх өрөөг камержуулсан. Давхар давхар арга хэмжээ авсан учраас Төв аймгийн подвальд бэлтгэлийг нь хангаж байгаад энэ хүмүүсийг тамласан. Бүх шүүгчдийн хуралдаанаар энэ хэрэг орох найдваргүй болсон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил,

Хүний эрхийн комиссын хуулиа эргэн харах цаг болжээ. ХЭҮК-ын эрх үүргийг нэмэгдүүлж өгье. Комисст ямар эрх байна вэ. Хууль хяналтын байгууллага, захиргааны байгууллагын хийх гэж байгаа үйлдлийг 45 хоног хүртэл түдгэлзүүлэх эрх зарим орны ХЭҮК-т байдаг. Төрийн байгууллагын албан тушаалтнуудаас мэдээ, материал нэхэх эрхтэй баймаар байна

Сэтгэгдэл үлдээх