ЧУУЛГАН: Өмгөөллийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүйлэгт шилжүүлэв

УИХ-ын чуулганы 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Тухайлбал:Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах талаар хуульчлахаар санал гаргалаа. Ингэснээр иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх сонголт хийсэн тохиолдолд төсөлд заасан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргээс тодорхой эрхийг эдэлж, үүргийг хүлээж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж бүрдэх юм. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой тодорхой саналыг гаргалаа.Хуульч болон өмгөөлөгчийн чиг үүргийн ялгаа, заагийг гаргах үүднээс хуульчийн шалгалт өгч, хуульчийн эрх авсан этгээд үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхээр, харин өмгөөлөгч энэхүү үйл ажиллагаа болон шүүхэд төлөөлөх эрхийг хамтад нь хэрэгжүүлэх зохицуулатыг хуулийн үйлчлэх хүрээгээр тодорхойлсон гэж байлаа.

Түүнчлэн Өмгөөлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнийг үнэ төлбөргүй өмгөөлөх үйл ажиллагааг явуулах бөгөөд зохион байгуулах үүргийг Өмгөөлөгчдийн холбоо хариуцахаар тусгав. Өмгөөллийн үйл ажиллагааны амин сүнс болсон үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн хоорондын харилцааг тодорхой болгож, үйлчлүүлэгчийн эрхийг хангах талаар тодорхой саналыг орууллаа. Өөрөөр хэлбэл, иргэд өмгөөлөгчтэй гэрээ байгуулснаар өмгөөллийн үйл ажиллагаа эхэлсэнд тооцдог бус өөрийн нууцаа өмгөөлөгчид ярьснаар өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болсонд тооцдог зохицуулалтыг оруулсан. Өмгөөллийн нууцлалтай холбоотой асуудлыг онцгойлон анхаарч, өмгөөллийн нууцад үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээллийг хамруулах, өмгөөлөгч өмгөөллийн нууцыг хадгалахыг өмгөөллийн үйл ажиллагааны зарчим, өмгөөлөгчийн үүрэгт нэмж, үйлчлүүлэгчийг хамгаалах, өмгөөллийн нууцыг задруулахыг хориглохоор төсөлд тусгав. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай лавлагаа, мэдээлэл, баримт сэлтийг төрийн болон төрийн бус байгууллагаас гаргуулах зорилгоор өмгөөлөгчийн хүсэлт гаргах эрхтэй байхаар, үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллага, албан тушаалтан тухайн мэдээлэл, баримт сэлтийг гаргаж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр, холбогдох хуулиар нууцалсан асуудлыг өмгөөлөгч нууцын баталгаа гаргасны үндсэн дээр танилцаж болохоор төсөлд тусгасан гэж Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

~Өмгөөллийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүйлэгт шилжүүлэв~

Иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцааг чанартай, шуурхай үзүүлэх, түүнчлэн, өмгөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс өмгөөллийн үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг нарийвчлан тодорхой тусгах, өмгөөлөгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд товлосон цагт, үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих бэлтгэлтэй оролцох, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, өмгөөллийн үйл ажиллагаанд гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгчид танилцуулах зэрэг үүргийг нэмсэн. Өмгөөлөгчөөс иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах үндсийг бүрдүүлэх үүднээс өмгөөлөгчөөр ажиллах эрх авахдаа мэргэшлийн шалгалт өгдөг байх энэ нь хуульчийн мэргэжлийн шалгалтаас онцлог буюу мэргэжлийн бэлтгэл, ёс зүй, мэтгэлцэх ур чадвар зэрэг өмгөөлөгчөөр ажиллахад шаардлагатай ур чадварыг шалгах агуулгатай байхаар тусгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа прокурор нь шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсдөг бөгөөд энэ нь шүүхийн өмнө оролцогчдыг тэгш бус эрхтэй мэт харагдуулдаг тул үүнийг хэлбэрийн хувьд засах, өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцэж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах боломжийг бүрдүүлэх, нөгөө талаас иргэний, захиргааны хэрэгт мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг итгэмжлэлийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж байгаа этгээдээс ялгах үүднээс өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо тусгай өмсгөл өмсөхөөр тусгаж, өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Өмгөөлөгчдийн холбоо батлахаар зохицуулсан. Өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн хэлбэрийг нөхөрлөл байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр эрхэлж болохоор тусгаж, өмгөөллийн хуулийн этгээд зах зээлийн зарчмаараа хөгжих боломжийг нээсэн гэж Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ насанд хүрээгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн өмгөөлөгчийн асуудлыг хэрхэн тусгасан, өмгөөлөгчдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд шинээр зохицуулалт оруулсан эсэхийг илүүтэй тодруулж байв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хариултдаа, өмгөөлөгч болох хүн эхлээд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд, дараа нь өмгөөлөгчийн шалгалтад орж тэнцэнэ. Үүний дараа нэгдсэн бүртгэлд орох зэргээр өмгөөлөгчийн босгыг өндөрсгөссөн гэдгийг онцлов. Мөн тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд насанд хүрээгүй хүүхэд эрүүгийн хариуцлагад татагдвал заавал өмгөөлөгчтэй оролцоно гэж заасан байгаа гэв. Харин Ажлын хэсгийн зүгээс өмгөөлөгчийн тухай хуульд өмгөөлөгч нийтэд тустай үйлсийн хүрээнд эмзэг бүлэг, насанд хүрээгүй хүүхэд, төлбөрийн чадваргүй хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж болно гэж заасан байгаа. Мөн удахгүй өргөн баригдах Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлд төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах иргэдийн талаар тодорхой зааж, тусгасан гэж байлаа.

Түүнчлэн гишүүд болон Ажлын хэсгийн зүгээс хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага нийгэмд үүссэн байгаа тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг тусгахаар болов.

Ингээд хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, төсөлд Хуулийн үйлчлэх хүрээг тусгасан 3 дугаар зүйл буюу “3.1. Үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгчтэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ. 3.2.Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөхөөс бусад хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуульчид энэ хууль хамаарахгүй. 3.3.Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн эрх зүйн байдал, эрх, үүрэг нэгэн адил хамаарах бөгөөд улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тухайлсан хуулиар зохицуулна.” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төсөлд Хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх гэсэн 4 дүгээр зүйл буюу “4.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй байна. 4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол хүн өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх бусад хуульд зааснаас гадна энэ хуулийн 14.1.1, 14.1.4,14.1.6, 14.1.7, 14.1.8, 14.1.9, 14.1.10, 14.1.11, 14.1.12, 14.1.14-т заасан эрх эдэлж, энэ хуулийн 15.1.3, 15.1.5, 15.1.11-д заасан үүрэг хүлээнэ.” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн төслийн 31 дүгээр зүйлд “31.4 Өмгөөлөгчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа тухайн хэрэгт хамааралгүй, бусад үйлчлүүлэгчтэй холбоотой баримт сэлтийг гаргуулан авахыг хориглоно” гэж, төсөлд Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн 54 дүгээр зүйл “54.1 .Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 54.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэн. Ингээд Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх