Шүүхэд гомдол гаргах, давж заалдсан иргэний ял хүндэрч буйг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан /2019-03-13/-ний өдөр  болж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, анхан шатны шүүхээс ял авсан иргэн дээд шүүхэд гомдол гаргахад, түүнээс хүнд ял оноож болохоор заасан байгааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж буй учир Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргав.

~Шүүхэд гомдол гаргах, давж заалдсан иргэний ял хүндэрч байгааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв~

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны “… хүндрүүлж …” гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “… эсхүл хүндрүүлж …” гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “… эсхүл хүндрүүлж …” гэснийг энэ сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх