Энэ онд нийслэлийн хэмжээнд 35 сургууль, 60 цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

Тэрбээр “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ онд нийслэл хотод 35 сургууль, 60 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал, 1 насан туршийн боловсролын төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 22,250, цэцэрлэгийн хүчин чадлыг 10,550-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

2020 он гарснаас хойш өнөөг хүртэл БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан 2 сургууль, АХБ-ны хөрөнгөөр хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийн төслийн 1 цэцэрлэг, Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 3 сургууль, 6 цэцэрлэг, 4 спорт заал, нийт 16 барилга байгууламж ашиглалтад ороод байна”гэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүх шатандаа ханган ажиллаж байна. Хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтыг явуулах бөгөөд есдүгээр сард өмнөх ангид эзэмшсэн хичээлийг бататгаж үзэх аж. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 33 сургуулийн 39, төрийн бус өмчийн 38 сургуулийн 129, нийт 168 “хүүхдийн автобус” үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ долоо хоногт техникийн үзлэг оношилгоо хийгдэнэ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх