‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувь Монголын өмч хэвээр байгаа гэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” нь Сингапурын компанид зарсан тухай мэдээллийг өгөөд байгаа билээ. Харин тус компанийн удирдлагууд гишүүдийн мэдээллийг үгүйсгэж “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч байгаа гэлээ.

“Монголиан коппер корпорейшн”-ы захирал Ц.Пүрэвтүвшин

“Өнөөдөр бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гурван асуудлыг тодруулахаар хүсэлт өгч байна.

Нэгд, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болон 51 хувь Монголын өмч байгаа. Үүнийгээ албан ёсоор баталгаажуулахыг хүссэн.

Хоёрт, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн бүгд төрөөс томилогдсон.

Гуравт, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал мөн төрөөс томилогдсон. Энэ тохиолдолд 49 хувийг эзэмшиж байгаа манай компани хувиа гадаадын компанид худалдах ямар ч боломж байхгүй. Бид бүхэн тийм хэлцэл хийгээгүй. Бид энэ хэвлэлийн хурлыг хийхээс өөр аргагүй боллоо. “Эрдэнэт”-ийн үр шимийг монголчууд хүртэнэ гэж боддог. Сингапурын компанид шилжүүлэх гэж байгаа гэдэг бол худлаа. Та бүхэн дэлгэсэн бичгийг харсан бол Ц.Пүрэвтүвшин миний нэр дээр байгаа компани нь.

“Стандарт” банкны хэрэг 2016 онд эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр 92 сая ам.долларын өр төлөх байсан бол одоо 120 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөг төлөх болсон. Арбитрын шийдвэр гарсан учраас өр төлбөр төлүүлэх ажиллагааг албадан явуулна. Энэ нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэрийн аль нэг хувьцаа эзэмшигч нь гаднын хөрөнгө оруулалттай компани буюу Сингапурын хөрөнгө оруулалттай компани байвал нөхцөл байдал илэрсэн буюу дахиж авч үзэх нөхцөл байдал үүсэх байсан юм.

Учир нь Сингапурт олон улсын томоохон Арбитр байршдаг. Англид бас бий. Англид сүүлийн шийдвэр гарсан учраас цаашдаа авч үзэх хамгийн боломжтой газар нь Сингапур. Сингапурт бүртгэлтэй компани байвал түүнийг хураах, битүүмжлэх, албадан гүйцэтгэхэд хүндрэлтэй болох байсан. Энэ үйл ажиллагаа бол манай талаас төлөх 300 гаруй тэрбум төгрөгийг бууруулах зорилготой байсан. Харамсалтай нь энэ ажиллагаа маань зогсох боллоо. Тиймээс Стандарт банкинд төлөх 300 гаруй тэрбум төгрөгийг энэ мэдээллийг цацсан гишүүдээс нэхээрэй. Стандарт банкны асуудлыг нааштай шийдвэрлэх боломж гарах мөчид улстөрчид энэ асуудлыг зориуд гацааж байгаа нь тодорхой зорилготой гэж харж байгаа.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн цагаан дээр хараар биччихсэн байгаа зүйлийг худлаа мэдээлсэн. Манай компанийн ажилтан Номуундарь гэх эмэгтэй рүү “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлсэн гэж ярьсан. Тэр бол зүгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд томилсон хүнийг 1995 оны хүүхэд рүү шилжүүлсэн гэж ор үндэсгүй зүйл хэлж байгаад харамсаж байна. Төрийн түшээ, гадаадад боловсрол эзэмшсэн, залуучуудын төлөөлөл болсон хүн олон нийтийн анхааралд өртөхийн тулд давуу байдлаа ашиглаж Төрийн ордноос худал ташаа мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна. Үүнийгээ залруулаасай гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг манай компани зарахгүй гэдгээ дахин хэлье” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь нь өмчийн хувьд болон бүртгэлдээ УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын мэдэлд байхад зарах боломж байхгүй”

гэлээ.

эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл үлдээх