Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан энэ сарын 16-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 16-нд болно. Уг хуралдаанаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуультай харшилсан, эсэхийг тогтоох аж.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно”, “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгоно” гэж заасан байдаг аж.

~Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан энэ сарын 16-нд болно~

Дээрх заалтыг “Нөхөн олговрын хэмжээг тэгш бус, ялгаатай тогтоосон”, “Хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговрыг бага хэмжээгээр хуульчилсан нь буруу” гэж иргэд үзжээ.

Мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх мэдээлэл гаргасан аж. Тиймээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл нь Үндсэн хуультай харшилсан, эсэхийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар тогтоох юм байна.

Сэтгэгдэл үлдээх