ӨМНӨГОВЬ: БОАЖ-ын дэд сайд Бичил уурхай эрхлэгчдийн холбоо, нөхөрлөлийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонсов

Өмнөговь аймагт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тэрээр аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд, аймгийн Засаг дарга нарын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцэв. Долоон чиглэл 32 заалт бүхий гэрээ хагас жилийн байдлаар 52.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тухайлбал дараах онцлох ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Үүнд 2020 онд Шинээр бичил цэцэрлэг, ойн зурвасыг 3,1 га талбайд байгуулж 3700 мод, 331 м2 талбайд цэцгийн мандал хийж, 0,3 га талбайг нөхөн зүлэгжүүлж, 25369 мод, 5980 бут сөөг, нийт 31349 мод бут сөөгийг тарьж, ургуулав.

~БОАЖ-ын дэд сайд Бичил уурхай эрхлэгчдийн холбоо, нөхөрлөлийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонсов~

Мөн он гарсаар аймгийн 10 сумын 11 багийн 18 цэгт хууль бусаар алт олборлох, эрэн хайх зөрчлийн улмаас 30 орчим га талбай эвдэгдсэн. Аймгийн Засаг дарга таван удаагийн захирамж гаргаж, хамгаалалт, зохион байгуулалтад 220 гаруй албан хаагч ажилласан байна. Зэрлэг ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 суманд 13 худаг гаргажээ. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр гэрээний хэрэгжилтийг сайн байна гэж онцлоод байгаль орчин, зэрлэг ан амьтдаа хамгаалах, ард иргэдэд нөлөөллийн ажил зохион байгуулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг анхааруулав. Түүнчлэн Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо, нөхөрлөлийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл үлдээх